Жил бүрийн 05 дугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Уг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “СУВИЛАГЧ ТАНДАА БАЯРЛАЛАА” баярын хурлын арга хэмжээг 2026 оны 05-р сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Тус баярын хурлаар сум орон нутаг, эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажиллаж байгаа сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг Төрийн дээд шагнал, Эрүүл мэндийн яам, аймаг орон нутаг болон нийгэмлэгүүдийн шагналаар шагнаж урамшуулсан юм.
Мөн "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн эмч, мэргэжилтнийг чадваржуулах, нийгмийн баталгааг хангах бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол гэр болон Монгол гэрийн халаалт, дулаалгын багцыг 20 сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд олголоо.
Энэрэн сувилах эрдэм мэдлэгтэй, хүнлэг үйлсийн эзэд, алтан гарт сувилагч тандаа баярын мэнд хүргэе.




